КЭМБРИЖИЙН СТАНДАРТ БОЛ МОНГОЛЫН БОЛОВСРОЛД НЭВТРҮҮЛЖ БУЙ “НОУ-ХАУ” ЮМ.
Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Кэмбрижийн стандартыг Монголд “нутагшуулах” ажлын явц, үр дүн, үүнтэй холбоотой асуудлын эргэн тойронд “Редакцын уулзалт”-ын сэдэв өрнөлөө. Уулзалтад БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, тус яамны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Баярмаа, МУИС-ийн ФЭС-ийн физик дидактикийн тэнхмийн эрхлэгч, профессор М.Ганбат, тус сургуулийн Мэргэжлийн дидактикийн сургалт, судалгааны төвийн захирал, профессор Н.Оюунцэцэг нар оролцсон юм.
-Боловсролын салбарт сүүлийн жилүүдэд олон шинэчлэл хийгдэж байгаа. Энэ шинэчлэлийн нэг нь яах аргагүй Кэмбрижийн стандартыг Монголд нэвтрүүлж буй алхам. Энэ ажил ямар шатандаа яваа талаар ярилцлагаа эхэлье?
Ё.Отгонбаяр: -1990 оноос хойш манай боловсролын тогтолцоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоо руу аажим аажмаар шилжих алхам хийж ирсэн. 2005 онд боловсролын стандартууд батлагдсан. Энэ бол өнөөдрийн бидний хийж байгаа шилжилтийг анх удаа үзэл баримтлалынх нь түвшинд нэвтрүүлж оруулж ирсэн стандарт гэж хэлж болно. Түүний дараа 12 жилийн тогтолцоонд шилжиж эхэлсэн. Энэ бол манай ерөнхий боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэр лүү шилжүүлж эхэлсэн шилжилт. Одоо бидний хийж байгаа ажил агуулгын хувьд 2005 оныхтой ер нь бол агаар нэг гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ ажил эхлээд жил хагас болж байна. Зургаан чиглэлээр томоохон ажил хийхээр Кэмбрижийн их сургуультай харилцан тохиролцсон. Мэдээж эхний ээлжинд сургалтын хөтөлбөрийг шинэчлэх тухай асуудал бий. Өнөөдрийн энэ уулзалтад ирсэн эрдэмтэд бол сургалтын хөтөлбөр дээр ажиллаж байгаа хүмүүс. 1-5, 9-10 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж дууссан. Одоо 6-8 дугаар ангийнхыг хийж байна.
Хоёрдугаарт, сурах бичгийг шинэчилнэ. Манай эрдэмтдийн бич сэн сурах бичгийг Кэмбрижийн их сургуулийн зөвлөхүүд үзэж зөвлөгөө өгнө. Сурах бичиг маань үндэсний сурах бичиг байна. Орон даяар үйл ажиллагаа явуулах 31 лаборатори сургуульд есдүгээр сарын 1 гэхэд бид эхний сурах бичгийг бэлэн болгож хүргүүлэхээр төлөвлөж байна.
Гурав дахь том чиглэл бол багшлах боловсон хүчнийг давтан сургах явдал. 21 аймаг тус бүрт нэг, нийслэлд 10 лаборатори сургууль байгуулсан. Энэ лаборатори сургуулиуд дээр сургалтын шинэ арга зүй, хөтөлбөрөө нэвтрүүлж, тэнд ажиллаж байгаа багш нараа давтан сургах бодлого хэрэгжүүлж байна. Энэ сарын 5-наас лаборатори сургуулиуд дээр туршилтын хичээл эхэлнэ.
Дөрөв дэх чиглэл бол багшлах боловсон хүчин бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажил юм. Гурван долоо хоногийн өмнө энэ ажил эхэлсэн. Кэмбрижийн их сургуулийн Боловсролын сургуулийн баг ирээд манай багшлах боловсон хүчин бэлтгэж байгаа 20 гаруй сургуулийн багш, мэргэжилтнүүдтэй уулзалт хийсэн. Тав дахь том чиглэл нь үнэлгээний чанарын тогтолцоог шинэчлэх тухай асуудал. Энэ сард ажил нь эхэлнэ. Зургаа дахь нь энэ чиглэлийн институтүүдийг бэхжүүлэх асуудал байгаа. Багшийн мэргэжил дээшлүүлэх тогтолцоо үндсэндээ байхгүй болсон гэхэд хилсдэхгүй байх. Одоо удахгүй Засгийн газраар багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийг сэргээн бий болгох тухай асуудал оруулах гэж байгаа. Институт байгуулагдсанаар боловсролын чанарыг ахиулах тогтолцоо бүрдэнэ. Үйл ажиллагаагаа есдүгээр сарын 1-нээс явуулах байх гэж бодож байна.
-Кэмбрижийн боловсролыг нэвтрүүлэхтэй холбоотойгоор нийслэлд гурван сургууль байгуулагдаж, элсэлт авсан. Багш нар нь гүйцэд бэлтгэгдээгүй, сургуулийн барилга нь ашиглалтад ороогүйгээс хичээл нь ч нэлээн орой эхэлсэн. Энэ хүүхдүүдийн хувьд туршилтын туулай болсон юм биш байгаа? Энэ гурван сургууль үндэсний 31 лаборатори сургуулийн ялгаа нь яг юу юм бэ?
Ё.Отгонбаяр: -Кэмбрижийн гэж бид хялбаршуулж хэлээд байгаа болохоос биш шилжилтийн нэр маань олон улсын жишигт нийцсэн үндэсний сургалтын хөтөлбөрийн тухай л ярьж байгаа гэдгийг онцлоод хэлчихье. Үндэсний 31 сургууль маань сургалтын шинэ хөтөлбөр, заах арга зүйгээ боловсролын системдээ түгээх ёстой юм. Монгол хэлээр, Монголынхоо үндэсний хөтөлбөрөөр хичээлээ явуулах 31 сургуулийг хос хэлний гурван сургуультай эндүүрдэг. Хос хэлний лаборатори сургуулиуд яагаад байгуулсан бэ гэхээр хэд хэдэн зорилготой.
Нэгдүгээрт, шинэ хөтөлбөрийг нэвтрүүлэхтэй холбогдуулаад бид Кэмбрижийн хөтөлбөртэй харьцуулж, судалгаа байнга хийж явах ёстой. Тийм учраас лаборатори сургууль гэж нэрлэсэн. Тэнд жилд хоёр ангиас дээш элсэлт авахгүй, олон хүүхэд элсүүлэхгүй байгаа.
Хоёрдугаарт, энэ гурван лаборатори сургууль маань үндсэндээ сургалтын бааз болж ажиллана. Бүх сургалт тэнд явагдана. Нөгөөтэйгүүр эцэг эх нь төлбөрийн боломжгүйгээс хүүхэд нь боловсрол эзэмшиж чадахгүй байгаа сөрөг үр дүн харагддаг. Кэмбрижийн стандартыг нэвт рүүлсэн, амжилттай сайн яваа хувийн сургуулиуд бий. Түүнд сургах гэхээр мөнгийг нь төлж чаддаггүй. Эцэг эхээс мөнгөний боломжийг нь асуухгүйгээр хүүхдийг нь чадвараар нь элсүүлдэг сургууль манай боловсролын тогтолцоонд бий болж байгаа нь зөв зүйл гэж боддог. Мэдээж шинэ зүйл амаргүй байгаа. Манай багш нар хэлэх байх. “Шинэ эрин” сургуульд эд маань сургалт явуулаад нэлээн удчихлаа. Ерөнхий боловсролын сургуулийн ирээдүйн сайхан загвар тэнд үүсэж бий болсон байна. Амжилт гарч байна гэж хэлэхэд арай эрт. Яагаад гэвэл энэ тавдугаар сард эхний хүүхдүүд олон улсын шалгалт өгнө.
М.Ганбат: -Бид “Шинэ эрин” сургууль байгуулагдсанаас эхлээд тэнд ажиллаж байна. Багш нар анх ямар ч ойлголтгүй л эхэлсэн. Гэхдээ өдрөөс өдөрт өнгө нь өөрчлөгдөж, хүүхдүүдийн хандлага, багш нарын хичээлээ явуулж байгаа арга зүй байнга өөрчлөгдөж ирсэн. Одоо бол жишиг сургууль болсон нь харагдаж байгаа. Хэрвээ бид энэ шинэчлэлийг иж бүрэн болгочихоод хийнэ гэвэл 10-20 жилийн хугацаа хэрэгтэй. Тэгэхээр хийнгээ суралцахаас өөр арга байхгүй.
Д.Эрдэнэчимэг: -Хос хэлний лаборатори сургууль хүүхдүүдийг зөвхөн олон улсын хөтөлбөрөөр хичээллүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаггүй. Одоо бидний хийж байгаа хамгийн инкубатор түвшний судалгаа шинжилгээний ажлууд энэ сургуулиуд дээр суурилж байна. Цаашдаа XXI зууны Монгол Улсын ерөнхий боловсролын өнгө төрх, загварыг тодорхойлох ийм чиг үүргийн сургууль.
Н.Оюунцэцэг: -Хоёр зууны зааг дээр 1980-аад оноос хойш дэлхий ертөнц байгаль дэлхий, нийгэмд олон өөрчлөлт гарсан. Энэ өөрчлөлт ганцхан манай улсад биш, дэлхий нийтийн бүх оронд явагдсан. 2000 оны босгон дээр боловсролын том том концепцийн онолууд дэлхий нийтэд гарч эхэлсэн. Одоо дэлхий нийтээрээ боловсролын салбарын судлаачид энэ том онолыг баримталж, хөтөлбөр стандартаа боловсруулж байна. Тийм учраас ганц Монгол Улс боловсролоороо хоцрогдчихоод, ийм эрчимтэй шинэчлэл хийгээд байна уу гэвэл үгүй. Дэлхийн эрдэмтэд нийлээд Кэмбрижийн хөтөлбөрийг 130 гаруй оронд нэвтрүүлж байна. Бидний яриад байгаа энэ олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрийн онол нь 2001 оноос хойш яригдаж байгаа шүү дээ. Лаборатори сургуульд очиж судалгаа хийх, дэлхийн томоохон эрдэмтэдтэй хамтарч ажиллах боломж олдож байгаа нь бидэнд олдошгүй завшаан.
-Энэ ажил нэлээн хугацаа шаардах байх. Та бүхний харж байгаагаар хэдийд хэлбэр болоод агуулгаа олох бол. Лав л бидний үеийнхэн боловсролын салбарын туршилт дунд амьдарсаар ирсэн?
Д.Эрдэнэчимэг: -Одоо хэрэгжүүлж байгаа энэ шинэчлэл бол өнгөрсөн 20 жилийн турш эрэл хайгуул хийж, туршсаны үр дүн. Энэ бүгдийг системтэйгээр илүү уялдаа холбоонд нь, бүхэллэг байдлаар нь хандаж, харж, хийж байгаагаараа онцлог. Гэхдээ ямар нэгэн байдлаар туршилтын тухай ойлголт энд байхгүй. Илүү ойлгомжтой, оновчтой болгох, хүмүүст наалдацтай хэрэгцээтэй боловсролыг бий болгох чиглэл рүү л явж байгаа. Энэ бодлогыг яаж хэрэгжүүлэх, ямар хүрээг хамрах вэ, хэдэн онд хаана хүрэх вэ гэдэг нь тодорхой. Бидний төлөвлөснөөр 2015 он гэхэд бүх бэлтгэл ажил дуусна. 2015 оноос үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажил хийгдэнэ. 2017 он гэхэд манай улсын ерөнхий боловсролын систем бүхэлдээ олон улсын жишигт нийцсэн хөтөлбөртэй болно.
-Нийтлэлч Баабар Кэмбрижийн талаар нийтлэл бичсэн байна лээ. Үнэхээр л биднийг хүүхэд байхад дунд сургуульд маш их мэдлэгээр “бөмбөгддөг” байлаа. Математикийн хичээл дээр үзсэн тэр олон томъёо надад үнэндээ хэрэг болж байгаагүй. Монгол хэлний хичээл заалгасан хүүхэд ядаж л алдаагүй, гаргацтай өргөдөл бичдэг байх ёстой юм биш үү?
Н.Оюунцэцэг: -Би Баабарын бичсэн зүйлтэй санал нэг байна. Та нарын хүүхдүүд одоо цэцэрлэг, сургуульд байгаа байх. Магадгүй одоо зааж байгаа мэдлэг чадвар, тоо бодуулдаг, цээжлүүлдэг, хуулуулдаг, шалгалтаа авдаг энэ арга барил 10 жилийн дараа таны хүүхдэд хэрэг болохгүй нь тодорхой. Үүнийг бүгд ойлгож байгаа. 10 жилийн дараа таны хүүхдэд юу хэрэгтэй болох вэ гэхээр мэдээлэл харилцааны зуунд бол нэлээн дээд түвшинд эргэцүүлэн боддог, хийсвэрлэдэг, тэр чадварууд л хэрэгтэй. Дэлхий нийтээрээ улс орнууд боловсролоо үүн рүү чиглүүлж байна. Олон улсын жи шигт нийцсэн хөтөлбөрийн нэг гол санаа бол XXI зууны иргэнд хэрэг болох тэр чадваруудыг эзэмшүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, задлан шинжлэх, үнэлэх, бүтээл гаргах зэрэг бүтээлч чадваруудыг эзэмшүүлэх хөтөлбөр орж ирж байгаагаараа онцлог. Арга зүйг шинэчлэх шаардлагатай гэж бид маш их ярьдаг. 2005 оноос цогц чадамжид суурилсан боловсролын стан дартыг хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл багш нарын арга зүй маш удаан өөрчлөгдөж байгаа. Яагаад өөрчлөгдөхгүй байна гэхээр өмнөөс олон тайлбар тавьдаг.
Нэгдүгээрт, таны боловсруулсан хөтөлбөрийн сэдэв, агуулга маш их байна. Бид сэдвийн хойноос хөөцөлдсөөр байгаад хүүхдээ чадваржуулж чадахгүй байна.
Хоёрдугаарт, үнэлгээ буруу байна. Цээжилсэн мэдлэг үнэлүүлдэг тогтолцоо хэвээр байна гэдэг. Гэтэл олон улсын жишигт нийсэн хөтөлбөр бол ядаж л энэ хоёр асуудлыг байхгүй болгоно. Энэ бол миний хувийн үзэл шүү. Бид боловсролын чанараа үнэлж чадахгүй байгаа. Хүүхэд юу сурсныг үнэлэх үнэлгээний системийг одоо хүртэл бид бүрдүүлж чадаагүй байна. Одоо энэ хөтөлбөрийн нэг амин сүнс нь хүүхэд юу сурсныг үнэлж чадах үнэлгээний цоо шинэ арга зүй оруулж ирж байгаагаараа онцлог.
Д.Эрдэнэчимэг: -Энэ бол юу өөрчлөгдөх вэ гэдэг гол асуудал байгаа юм. Нэгдүгээрт, хичээл сургалтыг маш ойлгомжтой болгож өгч байгаа. Одоо ерөнхий боловсролын сургуульд маш олон төрлийн хичээл үзэж байна. Гэхдээ физикийн хичээл дээр физикийн тухай л үздэг. Түүн дотроо сэдэвчлээд Ньютоны хууль гэж үзнэ үү гэхээс биш Ньютоны хууль юунд хэрэгтэй юм, яагаад хэрэгтэй вэ, шинжлэх ухаанч хандлагын хувьд ямар ач холбогдолтой вэ гэдэг талаас нь хичээл явагддаггүй. Үүнтэй холбоотойгоор агуулгын өөрчлөлт явагдаж байгаа юм. Үүгээрээ агуулгыг харьцуулан судалж байна. Агуулгад хийж байгаа өөрчлөлтийн гол ялгаа нь тэр.
Хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа нэг өөрчлөлт нь хүүхэд болгонд суурь, иргэний ур чадвар заавал эзэмшүүлэхээс гадна цаашид дуртай хичээлээрээ мэргэшихэд нь шинжлэх ухааны өргөн хийгээд гүнзгий мэдлэг, өөрт нь хэрэг болох ур чадвар олгох боловсрол эзэмшүүлэх уян хатан бололцоог энэ хөтөлбөр олгож байгаа юм. Өөр нэг зүйл бол үнэлгээний системийг өөрчилж байна. Хүүхэд үнэхээр юуг чаддаг байх ёстой вэ гэдгийг маш тодорхой болгож өгч байгаа. Нөгөө талаасаа хүүхэдтэй ажиллах, хүүхэд бүрийн онцлогт нь тохируулж, хөгжих бололцоог нь нээж өгч байгаагаараа үнэлгээний чиглэлд томоохон өөрчлөлт хийгдэж байгаа. Ерөнхийдөө манай арга зүй бол юмыг шууд нэрлээд өгчихдөг. Ямарваа ойлголтыг өгөхдөө эцсийн үр дүнг нь хэлээд өгчихдөг. Түүн дээрээ тулгуурласан тоо бодлого л хийдэг болохоос биш ерөөсөө тухайн зүйлийн мөн чанар нь яаж бий болох вэ гэдэг сургалт явагддаггүй байсан. Тэгвэл одоо хүүхдэд үнэхээрийн өөрт нь наалдацтай, ур ухаан, иргэний ур чавар, шинжлэх ухааны гүн бат мэдлэг олгох ийм бололцоо нээж өгч байгаагаараа арга зүйн хувьд онцлог.
-Олон улсын хөтөлбөрөөр хичээллэдэг загвар сургуулиуд гараад ирэхээр энгийн сургуулийн хүүхдүүд “Бид хоцрох нь” гэж бодож магадгүй юм. Эцэг эхчүүдэд ч гэсэн тийм ойлголт төрөөд эхлэх байх.
Ё.Отгонбаяр: 2015 оноос үндэсний тогтолцоонд бүрэн шилжинэ. Тэгэхээр хэн ч хоцрохгүй гэсэн үг. Манай ерөнхий боловсролын сургуулиуд энэ жишиг нэвтэрнэ гэж ойлгох хэрэгтэй. Хос хэлний сургуулийг онцолж үзэж байгаа бол аль ч нийгэм, аль ч тогтолцооны үед ийм лаборатори маягийн сургууль байсан. Та бидний үед лаборатори I сургууль гэж ярьдаг байсан. Бүхэл бүтэн тогтолцоог чирч явахын тулд урд талд нь нэг байгууллага байх ёстой. Уржигдар твиттер дээр надтай нэг хүн маргаад байна лээ. Яалаа гэж, бид жигдхэн байх ёстой гээд. Жигдрэхдээ урагшаа очиж жигдрэхээс биш, түрүүлээд явчихсан гурвыгаа өөр лүүгээ татаж, хойшоо ухарч жигдэрч болохгүй шүү дээ. Тийм болохоор үлгэр жишээ болсон загвар нь урд талдаа байх ёстой.
-Одоо ерөнхий боловсролын сургуульд хоёр янзын есдүгээр анги бий. 11 жилийн тогтолцооны, 12 жилийнх гээд. Өөр өөр хичээл үздэг. Одоо Кэмбрижийн хөтөлбөрийг туршихаар тэр хүүхдүүд дахиад өөр хичээл үзнэ гэсэн үг үү?
Ё.Отгонбаяр: -11 жилээс 12 жилийн тогтолцоо руу шилжиж бай гаатай холбогдуулаад шилжилтийн долдугаар анги бий болсон. Одоо тэд есдүгээр ангид байгаа. Шинэ стандарт маань 12 жилээр тооцоод хийгдэж байгаа, дахин будлиан гарахгүй гэж бодож байна. Кэмб рижийн гэж нэрлэж байгаа стандартыг нэвтрүүлсний дараа манай бо ловсролын тогтолцоонд бүтцийн том өөрчлөлтүүд дахиад гарахгүй гэж үзэж байгаа.
-Таван хичээлийн хөтөлбөрийг боловсруулж дууссан гэлээ. Бусад хичээлийн агуулга, хөтөлбөрийг хэзээнээс шинэчлэх вэ?
Д.Эрдэнэчимэг: -Одоогийн байд лаар бид математик, хими, физик, биологи, англи хэл гэсэн таван хичээлээр дунд боловсролын хөтөлбөрийг боловсруулж байна. 9-10 дугаар ангийн хөтөлбөр бэлэн болсон. 6-8-ын хөтөлбөр нь боловсрогдож байгаа. 1-5 дугаар ангийн бага ангийн түвшинд математик, байгалийн шинжлэлтийн хичээлийн хөтөлбөр нь бэлэн болсон. Есдүгээр сарын 1-нээс энэ долоон төрлийн хичээлийг анги болгонд туршаад эхэлнэ. Энэ хичээлийн жилд 9-10, тавдугаар ангид л туршилт явагдана. Зэрэгцүүлээд бусад хичээлийн агуулга хөтөлбөрийг боловсронгуй болгох ажил хийгдэнэ. Монголын үндэсний дархлаа, өв соёл, уламжлал, сэтгэлгээ, Монголтой холбоотой хичээлийн агуулгыг боловсронгуй болгох ажил энэ оны хоёрдугаар хагасаас явна. Гэхдээ энэ ажилд Кэмбрижийн оролцоо байхгүй. Монголын эрдэмтэд, судлаач багш нар үүн дээр ажиллана.
Н.Оюунцэцэг: -Дэлхийн хэмжээнд боловс ролын шинэчлэлийг хийхдээ боловсролын чанарыг үнэлдэг гол гол хичээ лийг сонгож авдаг. Мате матик, эх хэл, байгалийн ухаан гурвыг онцлон анхаарч, энэ гурван чиглэлээр аргазүйн шинэчлэлийг түрүүлж хийж байна. Хязгаарлагдмал нөөцтэй манайх шиг орон болон өндөр хөгжсөн орнуудад ч энэ гурван хичээлийн шинэчлэлийг л тү- рүүлж хий дэг. Тэгээд туршлагадаа үндэслэн бусад хичээлийг шинэчилж бай на. Тийм учраас манайх ч гэсэн энэ чиглэлээр явах нь зөв гэж би хувьдаа бодож байгаа.
-Ерөнхий сайд саяхан багш нартай уулзлаа. Багш нар “Энэ хөтөлбөр урт удаан хугацааных байгаасай. Дараа дараагийн Засгийн газар гол бодлогоо болгож яваа сай” гэж хэлж байсан. Үүнтэй холбоотой холбогдох хуульд өөрчлөлт оруулах тухай яригдаж байгаа байх аа?
Ё.Отгонбаяр: -УИХ-аар Боловсролын тухай хуулийн шинэчлэлийн эхний хэлэл цүүлгийг хийсэн. Хав рын чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийгээд энэ хуулийг батлах ёстой. Лаборатори сургуулиудын статус, бүтэц гэх мэтийн шинэчлэлтэй холбоотой олон заалт уг хуульд тусгагдсан учраас багш нар маань хууль хэзээ батлагдахыг сонирхож байна лээ. Төрөөс гаргасан зөв бодлогыг Засгийн газар солигдоход өөрчилдөг байдлыг би манай нийгмийн эмгэнэл гэж үздэг. Энэ бол буруу. Боловсролын салбарын бодлогыг улстөрчид шийдээд өөрчилж болохгүй.
Боловсролын хуульд үүний өмнө өөрчлөлт хийхэд маргаан гарч, яамнаас мэргэжлийн хүмүүсийнх нь оруулсан бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхэд өөрчилчихсөн. Тэгээд одоо дунд ангийн хичээл хөнгөдөөд, дунд нь шилжилтийн долдугаар анги бий болонгуут бага ангидаа ачаалал багатай сурч байсан хүүхэд долоодугаар ангидаа бөөн хичээлд бөмбөгдүүлдэг болсон. Үсэрсэн долоодугаар ангийнхан ийм байдалд орсон. Тийм учраас салбарын бодлогоо мэргэжилтнүүд нь барьдаг, улс төрийн холбогдолтой шийдвэрээ улстөрчид гаргаж байх ёстой гэж боддог. Ер нь бол боловсролын салбарт хийж байгаа шинэчлэл дор хаяж 10 жил хэрэгжих ёстой байдаг юм байна. Бүх л бүтэн үеийг хамарсан өөрчлөлтийг хийдэг учраас тэр. Манайд бол хамгийн урт настай Засгийн газар байлаа гэхэд дөрвөн жил болж байна шүү дээ. Засаг солигдох болгонд бодлого өөрчлөгддөг байдал ялангуяа боловсролын салбарт байж болохгүй.
- Кэмбрижийн стандартыг нэвтрүүлснээр багшлах боловсон хүчин бэлтгэх тогтолцоонд ямар өөрчлөлт хийх вэ?
Ё.Отгонбаяр: -Дээд боловс ролын сургалтын чана рыг сайжруулах тал дээр Засгийн газар тууштай бодлого барьж байгаа. Дэндүү замбараагүй олон сургуультай болсон байсныг цэгцлэх, нэгтгэх ажлыг хийсэн. Одоо энэ шилжилтийн хүрээнд МУИС, МУБИС-иуд сургалтын хөтөлбөрөө шинэчлээд эцэст нь олон улсын магадлан итгэмжлэлд орно шүү гэдэг үүрэг, даалгавар өгч байна. Өөрөөр хэлбэл, МУБИС-ийн багш бэлтгэж байгаа хөтөлбөр олон улсын стандартад нийцсэн байх ёстой шүү гэж байгаа. Бид харьцуулах зүйлтэй байлгүй болохгүй. Харьцуулах нэг эталон гаргаж ирээд, бусдыгаа түүн рүүгээ шахаж жигдрүүлэх бодлого барих ёстой гэж бодож байна. Анхнаасаа чиглэлээ зөв барьчихвал яамны түшмэл сургуулийн хөтөлбөрт оролцоод байх шаардлагагүй болно л доо. Одоо бол системийн буруугаас болж үүнтэй холбоотой зөрчил байнга гардаг. Явж явж хамгийн сүүлд нь шүүхэд яамыг дуудаад, нэг түшмэл очиж маргааныг тасалдаг ийм л дүр зураг харагдаад байгаа юм. Үүнийг өөрчилж шинэчлэх хэрэгтэй байгаа юм. Хэчнээн ухаантай ч гэсэн яамны асуудал хариуцсан нэг мэргэжилтэн бүхнийг мэдэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Н.Оюунцэцэг: -Сургалтын талбай дээр байгаа хүн бол багш шүү дээ. Гэтэл одоо химийн багш бол химийн л тухай, физикийн багш бол тэр хичээлээ л мэднэ. Тийм учраас юуны өмнө багш бэлтгэх тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай. Энэ бол хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх бас нэг чухал зангилаа асуудал. Дээр нь ерөнхий боловсролын сургуулийн олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрийг дагаад дээшээ бүх шатны сургуульд жигд сайжирна. Сургуулийн өмнөх боловсрол ч ялгаагүй дэлхийн хандлагыг авч, өөрийн онцлогтой хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай.
Т.Баярмаа: -Бид шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлээд эхэлбэл ерөнхий боловсролын сургуульд тө- лөвш сөн ур чадвартай хүүхд үүд төгсөнө. Тэгэхээр дээд сургуульд очиход дараагийн түвшинд хөгжинэ. Дээд сургуулийн багш нар ерөнхий боловсролын сургуульд олгож байгаа боловсролын чанар хан галтгүй учир бид ЕБС-д эзэм шүүлэх ёстой зүйлийг нь их, дээд сургуульд зааж байна гэдэг. Энэ нь цаашлаад дээд сургуулийн сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна гэдэг.
-Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх чиглэлээр юу хийх хэрэгтэй байна вэ?
Д.Эрдэнэчимэг: -Бага, дунд боловсролын чанарыг олон улсын түвшинд хүрсэн өрсөлдөх чадвартай болгохын тулд зөвхөн сургалтын агуулга хөтөлбөр, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшл үүлэхээс гадна багш на рын хөгжлийн асуудлыг тогтвортой, тасралтгүй эрхэлдэг институтэд суурилсан мэргэжлийн байгууллагын үйлчилгээ яах аргагүй дутагдаж байгаа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудал хариуц сан мэргэжлийн байгууллага алга болсон. Тиймээс Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийг сэргээн байгуулж байна. Орон нутагт багш нарынхаа мэргэжил дээш лүүлэх асуудлыг ямар бай гууллага хариуцаж, хэрэгж үүлэхийг шийдэж байгаа. Үүнтэй холбоотой үндэсний 31 лаборатори сургууль багш нарын мэргэжил дээшлүүлэх орон нутгийн төвийн үүргийг гүйцэтгэнэ. Аймгуудын Боловс рол, соёлын газар нь орон нутаг дахь лаборатори сургуультайгаа хамтарч ажил лах шинэ механизм бий болгож байна.
-Лаборатори сургуулийг 2013 онд анхны төгсөгчид нь гарна. Тэдэнд ямар давуу тал олгох вэ. Бүгд гадаад руу сургуульд явах уу?
Ё.Отгонбаяр: -“Шинэ эрин” бол хос хэлний сургууль. Энэ сургуулийг төгсөгчид Монгол Улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээнээс гадна Кэмбрижийн их сургуулийн гэрчилгээтэй төгсөнө. Гадаадын их, дээд сургуульд элсэх гээд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээтэй очиход танайд ямар хичээл ордог юм, юу заадаг юм гээд л бөөн бэрхшээл үүсдэг. Харин Кэмбрижийн их сургуулийн гэрчилгээтэй очвол гадаадын 4000 гаруй их, дээд сургуульд ямар нэг асуудалгүй элсэж орно гэсэн үг. Гэхдээ мэдээж тухайн сургуульд элсэх шалгалтыг өгнө шүү дээ. Бидний төлөвлөснөөр 2017-2018 онд Кэмбрижийн их сургуулиар чанарын үнэлгээ хийлгээд амжилттай болбол Монгол Улсын ерөнхий боловсролын гэрчилгээн дээр Кэмбрижийн тийм түвшний шалгалттай тэнцүү гэсэн тамга дардаг болно. Би гадаад харилцааны салбарт олон жил ажилласан, олон ч хүүхэд гадаадын их, дээд сургуульд оруулсан. Хамгийн түвэгтэй нь манай хүүхдүүдээс заавал их, дээд сургуулийн хоёрдугаарт курс төгсөхөд нь авна гэнэ. Хоёрдугаар курс төгссөн хойно нь энэ гэрчилгээ нь тэнцэхгүй, тэр нь болно гэнэ. Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр манай сурагчдын гэрчилгээг шууд хүлээн зөвшөөрнө гэсэн үг л дээ. Үүгээрээ давуу талтай.
М.Ганбат: -Кэмбрижийн хөтөлбөрийг Монголд нэвтрүүлнэ гэхээр Монголоо хаяад гадаадын системийг авах гэж байгаа юм шиг ойлгож байх шиг байна. Бүгдээрээ Кэмбрижийн их сургуульд элсэх гэж байгаа ч юм шиг туйлширдаг. Тэгэхээр энэ бол олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрөөр сургалт явуулна гэсэн үг. Юу сурсан бэ гэдэг нь хувь хүний асуудал. Сайн сурсан бол шалгалтыг нь өгөөд гадаадын хүссэн сургуульдаа орох боломж нь байна. Кэмбрижийн стандартыг оруулбал үндэсний аюулгүй байдал алдагдана гэх мэтээр ярь даг. Энэ бол олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрийн тухай ярьж байгаа хэрэг. Олон улсын жишигт нийцүүлэх шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа асуудал. Монголынхоо сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлж байна гэж ойлгох нь зөв байх. Тэгэхээр энэ бол илүү хүмүүнлэг, хүүхдэд ойрхон, илүү сурах боломжийг нь олгож байна гэсэн үг. Хуаран гийн боловсролоос бид татгалзах ёстой. Бүх хүүхдэд ижил тэнц үү боловсрол эзэмших гараа, эхлэлийг нь ч тавьж өгье. Жишээ нь, би дуунд муу. Гэтэл намайг дуучин болгох гэж асар их мөнгө зарах хэрэггүй. Эсвэл намайг дуучин болгох боломж байна. Харин би тоонд дуртай учир тоочин л болно. Тэгэхээр бүгдээрээ тоо ч бодож, дуу ч дуулж чаддаггүй болоод яах юм бэ. Тэгэхээр хүүхдийг багшийн хэлснийг цээжлэх биш, идэвхтэй сургалтын нэг гишүүн болгон хөгжүүлэх хэрэгтэй.
Д.Эрдэнэчимэг: -Олон улсын түвшинд бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн сургалтын хоёр л стандарт бий. Нэг нь Кэмбрижийн стандарт, нөгөөх нь Женевийн стандарт. Энэ хоёр стандартыг дэлхийн хамгийн өндөр түвшний их, дээд сургуулиуд Харвард, Окс форд зэрэг топ их сургуулиудаас гадна дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг.
-Үндэсний хэмжээний 31 лаборатори сургуульд энэ сараас хичээлийг нь туршиж эхэлнэ шүү дээ. Эдгээр сургуулийн сургалтын материаллаг баазыг хэзээнээс хангаж эхлэх вэ?
Ё.Отгонбаяр: -Хамгийн түрүүнд лабораториудыг байгуулах ёстой. Шинэ стандартаар хичээллээд эхлэхэд хими, физикийн туршилт хийх хэрэгтэй болно. Одоо манай яам байгалийн шинжлэлийн лабораториудад хөрөнгө оруу лалт хийх тал дээр онцгой анхаарна. Өмнө нь бид компьютержүүлэхэд их ан хаарсан. “Шинэ зууны боловсрол“ төсөл хэрэгжвэл нэг компьютерт ногдох хүүхдийн тоо 22 байсан бол одоо 10 орчим байгаа. Тэгэхээр хүүхдийг мэдээлэл зүй, мэдээллийн орчинд байлгах тал дээр хангалттай сайн ажиллажээ. Ерөнхий сайд “Шинэ эрин” сургуульд ажиллаад гарахдаа надад хэлсэн. “Сургуулийнхаа барил гын стандартад анхаарал тавиач ээ. Энэ их зөв барилгатай сургууль байна” гэсэн. Тэгэхээр Кэмбрижийн их сургуулийн тавьдаг шаардлагад нийцүүлэн сургуулийн барилгын нэгдсэн стандартыг батлуулах гэж байна. Ангийн нэг хүүхдэд ногдох ам.метр талбайн хэмжээ гээд харгалзах зүйл их бий. Тэгэхээр одоо барьж байгаа сургуулийн барил гын өртгөөс үнэтэй тусна. Гэхдээ бид стандартын дагуу бариад сурчихвал цаашдаа дахин хазгай муруй барилга барихгүй болох юм. Нэг сургууль бариад ядаж 50 жил хүндрэл бэрхшээлгүй явах хэрэгтэй. Одоо бид хөрөнгө оруулалтын хэдэн төгрөгөө бүх сургуульд жигд хүртээгээд явдаг. Тэгээд хамгийн сүүлд нэг тэрбум төгрөгтөө багтааж сургууль барь гэж тушаадаг. Тэгэхээр заал, анги танхимын хагасыг хасаж, танаад л барьж байгаа. Одоо бол сургууль төдөн тэрбум төгрөгөөр босдог гээд стандартыг хатуу заах гэж байгаа. Үүнийг л стандарт гэж хэлнэ.
Н.Оюунцэцэг : -Шинэчлэл хийж байна гэхээр Кэмбрижийн хөтөлбөр гэж нэг цаасан дээр бэлэн материал авчраад түүнийг шууд л хүүхдүүдэд заах юм шиг ойлгоод байна уу даа. Тийм биш юм аа. Кэмбрижийн хөтөлбөрийн онол арга зүй нь дэлхийн түвшинд боловсруулагдсан. Тэрийг чинь Монголд авчраад монгол хүүхдэд зориулж монгол агуулгаар баяжуулаад хүүхдэд заана. Монголын хөрсөнд буулгахад судлаачид, багш нараас илүү их ажиллахыг шаардаж байна. Магадгүй бидний судалгаанаас дэлхийд хүрч очих сайн туршлага ч гарахыг үгүйсгэхгүй.
Д.Эрдэнэчимэг: -Бид энэ хөтөлбөрийн хүрээнд “Монгол судлал”, “Монгол хэл”-ний хичээлийг дэл хийн боловсролын олон улсын стандартад оруулах хөтөлбөрийг нь боловсруу лахаар тохирсон. Дэлхий даяар сурч байгаа мон гол хүүхдүүд, монгол судлаачид монгол хэлээ сонгон сурах боломжтой болох юм. Мөн гадаадын хүүхдүүд өөрийнхөө хэл дээр Монголын тухай хичээл үздэг болно гэсэн үг. Хичээлийн хөтөлбөрийн агуулгыг нь манай үндэсний эрдэмтэд, судлаачид, багш нар хийж өгөх юм. Харин Кэмбриж бол өөрийнхөө хөтөлбөр, шаардлагын дагуу олон улсын хичээл болгож авна.
Н.Оюунцэцэг: -Олон улсын жишигт нийцсэн хөтөлбөр бол үйлдвэр байгуулахтай зүйрлэж болох шинэ технологи, юм шүү дээ. Үйлдвэрийг шинэчлэхийн тулд дэл хийн хамгийн сайн тех но ло гийг нэвтрүүлдэг шиг боловс ролын салбарт бий болсон цоо шинэ технологи, “ноу хау” юм. Манай улсад бол 2000 оноос анх боловсруулсан технологи.
Ё.Отгонбаяр: Хүмүүс байгалийн шинжлэх ухааны хичээл, англи хэл, математикийн хичээл дээр л гол шинэчлэл хийж байгааг ойлгох хэрэгтэй. Бүх хичээлийг нь англи хэл, Кэмбрижийн стандарт руу шилжүүлж байна гэж ойлгож болохгүй. Бас энэ лаборатори сургуульд орсон хүүхдүүд бүгд гадаадын сургуульд орох юм шиг ойлгож байгаа нь буруу. Манайд одоо гадагшаа явах боломжтой хүүх дийг нь ч явуулж чадахгүй байгаа тогтолцоог өөрчилж байгаа юм.
М.Ганбат: -Энэ шинэчлэл бол Монголын боловсролд маш том хувь нэмэр оруулсан эргэлт болж байна. Манай өнөөгийн Засгийн газраас Монголын боловсролын хэтийг харсан, яваандаа дэлхий дээр бид гэж хэлэгдэх боловсролтой болох ирээдүйн эхлэлийг тавьсан бодлого хэрэгжүүллээ гэж ойл гож байна.
-Та бүхэнд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.