Шарга морьтын домог буюу Дондогдулам хатан
Дүү Ц.Дэндэвдуламын хамт
Дондогдулам хатан эхээс өнөр олуулаа хүн байв. Олон эгч, дүү нартай. Түүнийг нас барахад түүний дүү нь дуу зохион дуулжээ. Түүнд:
Зуны дунд сардаа
Нарт ертөнцөөс халилаа даа, эгч минь
Найман шаргыг хөлөглөөд одлоо доо, хө гэсэн үгтэй юмсанжээ.
Түүнийг тэнгэрт хальсны дараа Шарга морьтын урьд Сэлбэ голын эхэн дээр чандарлажээ. Хатантан Дамбадаржаагийн өмнөд этгээдэд байх Чандагатын харзнаас хүртэж, Уужийн бургасанд очиж далийн ягаан цэцгэнд сууж эрхэмсэглэдэг байсан гэнэ. Тэгээд Дондогдуламын шарилыг хөлөглөж явсан найман шарга морийг тэнд нь онголж дархласан гэдэг. Уужийн бургасанд найман шарга амгалан тогтуунаар идээшлэсээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч гэсэн бидний үед Шаргаморьт хэмээх нэрийг үүсгэсэн үнэн домог юм. Чандагатын харз Дондогдуламын рашаан алдрыг хүлээсэн түүхтэй.
Дондогдулам хатан бол Богд хаантай 21 жил хамт амьдарчээ. 1902 оноос хатнаар залагдаж нэг жилийн дараа Эх дагины аймаг байгуулагдан эд хөрөнгө, эрх мэдэл, шавь албат олон болохын хамт улс төрд үзүүлэх нөлөө, эрх мэдэл нь ч өсчээ. Дондогдулам өөрөө Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон ван Цогбадрахын хошууны албат. Тэрээр 1911 онд Улсын Эх дагинаар өргөмжлөгдөөд Богдын ордны дэргэд тэрээр “Сангайн аймаг” хэмээх урлаачдын томоохон төв байгуулж, өөрөө гардан удирджээ. Ингэснээр олон зуун жилийн турш шашны статустай явсан ордны урлагт “иргэний” чиг хандлага нэмэн оруулж, олон хүүхдүүд үрчлэн авсан зэрэг шинэчлэлийг эхлүүлжээ. VIII Богдын дэргэд Дондогдулам хатан байгаагүй бол 1911 оны хувьсгал тийм ч түргэн өрнөцтэй болохгүй байсан гэж зарим баримт сэлтэд дурджээ. Сан-До амбан Монголд ирсний дараа Богдод бараалхахад түүнийг Богд хаан, Дондогдулам хатныхаа хамт хүлээн авчээ. Манж эзэн хааны бие төлөөлөгчид Богд мэхийн ёслосонд Эх дагина бөхийн хүндэтгэл үзүүлээгүй ажээ. Энэ үед Богд хаан Сан-До амбанд:
- Энэ хүн миний хатан тул танд мөргөхгүй байж болно хэмээсэнд амбан эгдүүцэн уурсч,
- Хутагт хүн эхнэр авах ёсгүй гэж бачимдан хашгирчээ.
Эх дагина ажиг ч үгүй суусаар өнгөрүүлсэн төдийгүй Сан-До амбанг Монголоос хөөгдөх хүртэл түүний эсрэг Монголын нийгмийг босгож, эсэргүүцэх бодлогыг хүчтэй явуулсан гэдэг. Энэ хатны оролцоо байсан тул Манжаас анхлан тусгаарлаж 1911 оны 12-р сарын 29-ний өдөр тусгаар тогтнолоо зарласан байхад хоёр хоногийн дараа Дундад иргэн улс тусгаар тогтнолоо зарласан юм билээ. Энэ бол үнэн түүх.
Эх дагина торгонд хөлбөрч, тосонд умбасан эрх цагаан дагина байгаагүй ажээ. Моринд эрэмгий, мэргэн бууч, оёдол үйлэнд уран, гүйлгээ ухаантай, Богдод олон шийдвэр гаргахад нь нөлөөлж чадсан хүн байжээ. Зуны цагт хамт хөдөөлөхдөө өөрөө ямаагаа сааж, жирийн монгол эмэгтэй, эхнэр хүний нэгэн адил эзэгтэй шиг амьдарч байсан гэдэг. Эзний нүүрээр ирж, эзэгтэйн нүүрээр буцдаг гэсэн үгийг хэлэх дуртай нэгэн явжээ.
1921 оны долоодугаар сард Их хүрээнд МАН хийгээд улаан армийн цэргүүд орж ирснээр Монголын уламжлалт төр ёсны эсрэг идэвхтэй бодлого явуулж ердөө хагас жилийн дараа Бошгыг халах залуучдын эвлэл гэгчийг байгуулан эмэгтэйчүүдийн үс, эрэгтэйчүүдийн нударгыг тайрч эхлэв. Мөн тэр л үед ураг, овог хэрэглэхийг хориглох зэрэг илт дайсагнах бодлого явуулсан байдаг.
Энэ ёс бус үйлдлийн эсрэг Дондогдулам хатан өөрийн чадлаараа тэмцэж байсан төдийгүй Цагаан шүхэртийн догжир гаргуулж, хурал ном уншуулж байжээ. Эмэгтэй хүн төрийн хэрэгт хутгалдав хэмээн түүнийг 40 хоног Богдын хамт Сүй-шү-жан гамингийн шоронд хорьжээ. Энэ нь Дондогдуламын зүрх зоригийг мохоох бус харин ч тэмцэлд уриалан дуудах, иргэний болон эх орноо хайрлах үзэл санааг батжуулсан гэж үздэг юм билээ.