Богд хаан ба Дондогдулам хатан
Богдыг таван настай байхад нь тодpуулан Хүpээнд залж иpснээс хойш түүний бүхий л амьдpал Монголын түүхтэй холбогдсон юм. Богдын эцэг Гончигцэрэн нь замдаа нас барсан тухай мэдээ бий. Иймээс тэрбээр хоёр ах, ээж Ойдовдулам, дүү Лувсанхайдав нарын хамт долуулаа Монголд ирсэн байна. Богдын дүү Лувсанхайдав нь шарын шашны чойжин лам болж, Хүрээнд тусдаа сүм бариулсан нь эдүгээ ч Чойжин ламын сүм нэрээрээ хадгалагдан үлджээ. Богд багаасаа сэргэлэн цовоо хүүхэд байсан тул монгол хэл, бичиг чадамгай сурч, улмаар биеэ их л чөлөөтэй авч явдаг нэгэн болсон төдийгүй Бээжингийн хяналтанд тэр бүр орохгүй байжээ. Богдод багаас нь төвд, монгол хэл бичиг зааж, улмаар шашны болон дорно дахины ёс заншлыг түүнд сургасан байна.
Богд Жибзундамба хутагт 1896 онд Амарбаясгалант хийдэд залрахдаа 22 настай, Цанлигдорж бэйсийн хатны аягач Ц.Дондогдуламтай танилцжээ.
Дондогдуламыг Богд хатан болгоход /1902 он/ Ачлалт ялгасан дагина, эрх цагаан дара цол өргөмжилсөн байна. Бас Бээжингийн Монгол журганаас Дондогдуламд Эрдэнэ сэцэн цол шагнаж, тэмдэгт бичиг олгон хадгалуулжээ. Улмаар 1911 онд Богд Жибзундамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд залрахад хатан Дондогдуламд Улсын эх дагина цол өргөмжилсөн бөлгөө.
Дондогдулам бол шашин номын хэрэгт зохих ёсоор боловсорсон, бичиг ном ойлгодог, нийгмийн идэвх сайтай, олны хүндэтгэл хүлээсэн тухайн үеийн сор болсон эмэгтэйчүүдийн төлөөлөл байв. Бүгд Ерөнхийлөн Захирах сайд Т.Намнансүрэнгийн тушаалаар 1913 оны долдугаар сард хотлыг баясгагч дагина Дондогдуламд 100 лан мөнгөний шагнал олгох болж "Богдын ордны дэргэдэх Сангай аймаг гэж нэрлэдэг уран хатгамалчин, барималчин, гуталчин, дархан зэрэг 120 урчуудын хэргийг эрхлэн ажиллуулах болов" гэсэн мэдээ бий.
Богд хааны зарлигаар гүн цол хэргэм хүртэж "Эрдэнийн очир" одонгоор шагнуулж явсан швед гаралтай, Америкийн иргэн Франс Август Ларсон "Шашин номоор Богд эхнэр авах учиргүй. Гэсэн ч тэрбээр үзэсгэлэнт охинд дурлаж, тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрчээ... Энэ эмэгтэй туйлын ухаалаг, маш сайн эзэгтэй байв. Монголчууд түүнийг бас бурханчлан өргөмжилжээ. Үнэндээ тэрбээр морь унахдаа гарамгай, бас гайхалтай буудагч байв. Амьд будда/Жибзундамба-Д.Г/ эхнэрээрээ онцгой бахархдаг байлаа.
Эх дагина бид буудлагын дадлага хийхээр Богд ууланд хоёр долоо хоногийн турш өглөө бүр очдог байсан юм. Нэгэн удаа Богд "Та нарын хэн нь сайн буудахыг үзье" гэж хэлээд бай тавихыг тушааж, бидэнд нэг нэг буу өгөв. Энэ буу бол маш үнэтэй, Францынх гэдгийг ч сануулахаа мартсангүй.
Богдын хатан буудах бүрдээ байгаа онож байв. Би болохоор гурван ч удаа алдаж орхисон нь Богдын таалалд их л нийцэв. Тэгээд буугаа анхааралтай шалгаад, овоог нь хөдөлгөсөн болохыг мэдсэн юм. Богд чангаар удаан инээгээд, хэрэв чи сайн буудагч бол энэ байдлыг урьд нь тооцоолох байсан гэж хэлэв" хэмээн дурсамждаа бичсэн байдаг билээ.
Хөвчийн жонон засгийн хошуу бол хадам төдийгүй тус хошууны сүүлчийн Засаг ноён Эрдэнэ дайчин чин ван Намсрайжавын Цогбадрах нь Ц.Дондогдуламын төрсөн дүү Ц.Дэндэвдуламыг хатан болгон авчээ. Энэ утгаараа Богд Жибзундамба хаан, Хөвчийн жонон ван Н.Цогбадрах нар баз хүргэн бөлгөө.
Ц.Дэндэвдуламын талаар мэдээ сэлт ховор. Тэрбээр 1893 оны үед төрөөд 1930-аад оны дундуур бие баржээ. Хошой хатан эрх дара цолтой Ц.Дэндэвдулам олон хүүхэд төрүүлснээс том охин Ашидшийтэр /1914/, хөвүүн Лувсаншийтэр /1922/, бага охин Шийтэр /1924/ нар нь эсэн мэнд бойжиж, хожим өнөр өтгөн айл гэр болцгоожээ.
Жонон ван Цогбадрахыг Дотоодыг хамгаалах газраас цуурхал тараасан хэрэгт холбогдуулан 1931 оны аравдугаар сард баривчилж, 10 жил хорих ялаар шийтгэсэн юм. Эл хугацаанд эхнэр Дэндэвдуламаас аж төрөх аргагүй болсон учрыг гарган Төв засан хүмүүжих газар хүмүүжиж бүхий нөхөр Цогбадрахыг суллаж тавихыг гуйсан өргөдөл гаргасны дагуу БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1932 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор түүнийг сулласан байдаг.
Эх дагина Дондогдуламын Сангайн аймгийн ажил үйлсийг хөгжүүлэхэд тусалсан хүний нэг нь дүү Дэндэвдулам нь байсан гэдэг. Тэрбээр Эх дагиныг өөд болоход,
Нарт ертөнцөөс халилаа даа эгч минь
Найман шаргыг хөлөглөөд одлоо доо
Зуны дунд сардаа хөө
Жуузан дундаа халтирваа хөө
Залагдаж ирсэн Дондогдулам эгчдээ
Даншиг мандал өргөе дөө хэмээсэн үгтэй дуу зохиосон гэдэг юм.
Улсын Эх дагина Ц.Дондогдулам Богд хаантай 21 жил ханилаад 1923 онд 49 насандаа таалал төгсжээ. Түүний шарилыг найман шарга морь хөллөсөн тэргэнд залж, амьд ахуйдаа ууж, сууж байсан Рашаант уулын аманд шар тосонд хайлуулж чандарлаад оршуулсан аж. Найман шарга морийг нь онголж тавьснаас эдүгээ Шарга морьтын ам хэмээн нэрлэсэн гэх домогтой.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
bayarlalaa